Сиемэнсийн захиалга РЕКОРД тогтоов

Огноо: 20/12/2016 Нийтэлсэн: Monwea Ангилал: World

“Мид Американ Энержи (MidAmerican Energy)” компани АНУ-ын Иова мужид хэрэгжүүлж буй салхин цахилгаан станцын төслүүддээ Сиемэнсийн 448 ширхэг салхин турбиныг ашиглахаар захиалга өгчээ. Нийтдээ 1050 МВт-ын хүчин чадалтай энэхүү салхин турбины захиалга нь эх газрын салхины эрчим хүчний төсөлд хийгдсэн дэлхийн түүхэн дэх хамгийн том захиалга болсон байна.
Нэгж бүр 2.3 МВт-ын нэрлэгдсэн хүчин чадалтай, 108 роторын диаметртэй салхин турбинуудыг 5 төсөлд ашиглах ба үйл ажиллагааны явц дахь засвар, үйлчилгээний ажлыг мөн Сиемэнс хариуцахаар болжээ.
Сиемэнсийн салхин турбин нь далай, тэнгисийн салхины эрчим хүчний бизнест тэргүүлэгчийн байр суурийг эзэлдэг төдийгүй, эх газрын салхины эрчим хүчний бизнест ч гол тоглогчдын нэг юм. 2012 онд л гэхэд Сиемэнс Европ болон Африкийн зах зээлд дангаараа 1 ГВт-аас их хүчин чадалтай салхин турбинуудыг суурилуулсан байна.
Иова муж нь АНУ-ын тэргүүлэгч салхины эрчим хүчний үйлдвэрлэгч мужуудын нэг бөгөөд 2012 онд АНУ-ын нийт эрчим хүчний 24 орчим хувийг салхины эрчим хүчээр хангажээ.
“Мид Американ Энержи” компани нь одоогийн байдлаар Сиемэнсийн 1.2 ГВт хүчин чадал бүхий салхин турбинуудыг суурилуулаад байна. Тус компанийн хэрэгжүүлж буй 1050 МВт-ын хүчин чадалтай төсөл нь 2015 онд ашиглалтанд орох бөгөөд төслийг хэрэгжүүлснээр жилдээ 660 мянга орчим айл өрхийг цэвэр эрчим хүчээр хангах тооцоо гарчээ.