ЭРЧИМ ХҮЧНИЙ ХЭМНЭЛТ – ТОГТВОРТОЙ ХӨГЖЛИЙН БАС НЭГЭН ГАРЦ

Огноо: 14/02/2017 Нийтэлсэн: Monwea Ангилал: Монгол

ЭРЧИМ ХҮЧНИЙ ХЭМНЭЛТ – ТОГТВОРТОЙ ХӨГЖЛИЙН БАС НЭГЭН ГАРЦ

Бид анхны дугаартаа “Эрчим хүчний хэмнэлтийн эрх зүйн орчин бүрдлээ” гарчигтай нийтлэл оруулж байсан билээ. Хэрэв та эрчим хүчний хэмнэлтийн талаарх төрөөс баримтлаж буй бодлого болон Эрчим хүчний зохицуулах хорооноос хэрэгжүүлж буй үйл ажиллагааны талаар мэдээлэл авахыг хүсвэл дээрх нийтлэлийг уншихад гэмгүй. Харин энэ удаа бид бусад улс орнууд эрчим хүчээ хэрхэн хэмнэж байгаа талаарх мэдээллийг хүргэх болно. Мэдээллийг эдийн засгийн хувьд ойролцоо үзүүлэлттэй болон ижил төстэй цаг ууртай улс орнуудыг сонгон бэлтгэлээ.

ОХУ – эрчим хүчний менежмент явуулснаар үйлдвэрийн үр ашгийг тогтвортой тогтмол өсгөх, нэмэлт зардлыг хэмнэх, хүлэмжийн хийн ялгаралыг бууруулах боломжтойг харуулах зорилгоор “Зах зээлийн өөрчлөлтийн хөтөлбөр” хэрэгжүүлсэн. Хөтөлбөрийн хүрээнд үйлдвэрлэл, үйлчилгээ үзүүлэгч нарын техникийн чадавхийг нэмэгдүүлэхэд голлон анхаарчээ. Энэ нь эрчим хүчний менежментийн тогтолцоог ISO50001 стандарттай хамтад нь нэвтрүүлэхээс гадна хэрэглээнд нэвтэрсэн бусад шилдэг технологи ашиглах чадавхийг бий болгох зорилготой. Хүлэмжийн хийн ялгаралыг бууруулах нөхцөлтэйгөөр үйлдвэрүүдэд татаас олгох замаар эрчим хүчний хэмнэлт нэвтрүүлсэн өөрчлөлтийн хөтөлбөрөөс дараах үр дүн гарсан байна.

  • Экспертийн түвшинд 130 эрчим хүчний хэмнэлтийн зөвлөх бэлтгэсэн
  • 42 аж үйлдвэрийн паркт эрчим хүчний менежментийн тогтолцоог нэвтрүүлсэн
  • Эцсийн хэрэглэгч дээр 300 сая кВтцаг эрчим хүчний хэмнэлт явуулж, 250000 тон CO2 бууруулсан
  • 85-аас дээш тооны үйлдвэрлэгч хэрэглээнд нэвтэрсэн эрчим хүчний хэмнэлтийн шилдэг технологийн сургалтанд хмрагдсан
  • Эрчим хүчний хэмнэлтийн олон улсын бодлогын төлөвлөлт, хэрэгжүүлэлтийн сургалтанд 150 төрийн албан хаагч хамрагдсан
  • Экспертийн түвшний 5 сургалтын хөтөлбөрийн агуулга боловсруулсан
  • Хот, бүсийн шинэ санаачлагад суурилсан эрчим хүчний менежментийн талаарх чадавхи нэмэгдүүлэх, хэрэгжилтийг хангах хөтөлбөр төлөвлөгдөж байна

ВЬЕТНАМ – үйлдвэрлэлийн салбар өнгөрсөн арван жилийн хугацаанд өндөр өсөлт үзүүлсэний улмаас дотоодын нийт бүтээгдэхүүн нэмэгдсэн нь эрчим хүчний хэмнэлтийг засгийн газрын нэн тэргүүний асуудал болгон хувиргасан. Эрчим хүчний хэмнэлтийн хорооны бодлогын түвшний баримт бичиг, эрчим хүчний хэмнэлттэй зуухны үндэсний стандарт зэргийг боловсруулсан хэдий ч техникийн норм дүрэм, үйлдвэрийн газруудад ашиглагдах гарын авлага болон энэ бүхнийг хянах, идэвхижүүлэх бүтэц тогтолцоо дутагдалтай байсан. Үүнийг арилгах зорилгоор “Эрчим хүчний хэмнэлттэй зуух үйлдвэрлэлд нэвтрүүлэх, ашиглах туршлага сурталчлах хөтөлбөр” хэрэгжүүлж байна. Хөтөлбөрийн үр дүнд дотоодын зуух үйлдвэрлэгч нарын техникийн чадавхийг сайжруулах, эрчим хүчний хэмнэлттэй зуух үйлдвэрлэх, ашиглах төсөлд олгох санхүүгийн дэмжлэгийг нэмэгдүүлэх боломжтой болно.

ХЯТАД – хөгжиж буй орнуудын нэгэн адил Хятадын хүлэмжийн хийн ялгаруулалтанд тээврийн салбар томоохон хувь эзэлдэг. Цахилгаан хөдөлгүүр нүүрс хүчлийн ялгаруулалтыг бууруулах боломжит хувилбаруудын нэг бөгөөд ялангуяа сэргээгдэх эрчим хүчээр тэжээгдэх үедээ хамгийн тохиромжтой шийдэл болж хувирдаг. “Эрчим хүчний хэмнэлт – нүүрс хүчлийн хий бага ялгаруулдаг тээвэр” төслийн хүрээнд бодлого төлөвлөлт, хууль эрхзүйн орчныг сайжруулах, дотоодын үйлдвэрлэлийг чадавхижуулах, санхүүгийн дэмжлэг олгохоос гадна хэрэглээг нэмэгдүүлэх зорилгоор дэмжих хөтөлбөрүүд хэрэгжүүлэхээр төлөвлөсөн байна. Төсөл хэрэгжсэнээр холбогдох бодлого, технологийн салбарт ажилладаг төр, хувийн хэвшлийн байгууллагын чадавхийг бэхжүүлэх, хотын тээвэрт ашиглах цахилгаан машины загвар бүтээн турших юм байна.

УКРАЙН – төлөвлөгөөт эдийн засаг, хөнгөлттэй эрчим хүчний тариф, үр ашиггүй хэрэглээ зэрэг нь тухайн улсыг эрчим хүчний хэмнэлтийн доод түвшинд авчирсан. Үйлдвэр, тээвэр, барилга байгууламжийн салбарт эрчим хүчний хэмнэлтийг нэмэгдүүлэх, сэргээгдэх эрчим хүчний ашиглалтыг дэмжсэнээр эрчим хүчний хэрэглээг багасгахын зэрэгцээ хүлэмжийн хийн ялгаралыг бууруулах боломжтой. Иймээс “Украйны үйлдвэрийн салбарт эрчим хүчний менежментийн тогтолцоо нэвтрүүлэх” хөтөлбөр хэрэгжүүлж эхлэсэн. Хөтөлбөрийн хүрээнд эрчим хүчний менежментийн тогтолцоо, системийн оновчлол зэргийг ISO50001 стандартын дагуу таниулан сурталчилна. Хүлээгдэх үр дүн нь:

  • ISO50001, ISO50002, ISO50003, ISO50004, ISO50006 болон ISO50015 зэрэг олон улсын стандартыг үндэсний стандарт болгох замаар эрчим хүчний менежментийн тогтолцоо бэхжүүлэх үйл ажиллагааг дэмжих бодлого, хууль эрхзүйн орчин бий болгох
  • Эрчим хүчний менежментийн тогтолцоо, системийн оновчлолыг хэрэгжүүлэх үндэсний чадавхийг бэхжүүлэх зорилгоор ахисан, эксперт, олон нийтэд таниулах түвшинд нийтдээ 15 сургалтыг фокус бүсүүдэд зохион байгуулан нийт 390 оролцогчийг хамруулах
  • Секторыг хамарсан эрчим хүчний менежментийн тогтолцоо нэвтрүүлэх ажлыг хурдасгах, сонгогдсон үйлдвэрлэгч нарт эрчим хүчний менежментийн тогтолцоо, системийн оновчлол хийх замаар эрчим хүчний хэмнэлттэй технологиудыг сурталчлах