ХҮСЭЛ МӨРӨӨДӨЛ БИЕЛДЭГ. Доктор Н.Энэбиш

Огноо: 20/03/2017 Нийтэлсэн: Monwea Ангилал: Монгол

ХҮСЭЛ МӨРӨӨДӨЛ БИЕЛДЭГ

Манай улсын тэргүүлэх эрдэмтдийн нэг доктор Н.Энэбиш Олон улсын сэргээгдэх эрчим хүчний агентлагын 11-р хуралдаанд оролцоод саяхан эх орондоо буцаж ирээд байхад нь уулзаж ярилцлаа.

Та сайхан өвөлжиж байна уу?. Шинэ оны өмнөхөн манай улсын хувьд анхны мегасолоар нарны цахилгаан станц босгон дээр ашиглалтад орлоо, таньд баяр хүргье. Дархан хотод байгуулсан Нарны цахилгаан станцын талаар ярилцлагаа эхлэх үү?.

Баяраллаа. Бид энэ станцыг үнэхээр маш богино хугацаанд барьж дуусгалаа. Ер нь бол нарны станцыг маш богино хугацаанд барих боломжтой бөгөөд түүнийг маш цөөхөн хүн ажиллуулах  боломжтой байдаг нь нарны цахилгаан станцын  хамгийн том давуу тал. Бид 7 сарын 20-д ажлаа эхэлсэн. Өвөлтэй уралдан ажиллаж үндсэндээ 4-хөн сарын хугацаанд л энэ станцыг барьж дууслаа. Манай улсын аж үйлдвэрийн хоёр дахь том төв-Дархан хотод манай улсын хувьд анхны мегасолоар нарны цахилгаан станцыг шинэ оны босгон дээр амжилттай ашиглалтад орууллаа. Энэ станцыг Солар повер интернейшнл компани Японы “Sharp” корпораци болон “Shigemitsu Shoji” компанитай хамтран барьж байгуулсан.

Тус нарны цахилгаан станцыг барьж байгуулах ажлыг Мон-илч, Монхорус Интернешнл, Цагаан хорол ХХК гэсэн манай үндэсний компаниудтай хамтран гүйцэтгэсэн. “Sharp” корпорацын өндөр туршлагатай инженерүүд станцыг барьж байгуулах ажилд инжинерингийн талаас хяналт тавьж хамтран ажилласан. Энд хоёр зүйлийг онцолж хэлэхмээр байна. 1-рт манай үндэсний мэрэгжилтнүүд бие даан ийм хэмжээний орчин үеийн нарны цахилгаан станц барих бүрэн чадвартай болсон байгаа нь харагдсан.  2-рт энэ станцыг барьж байгуулахад дэлхийн хамгийн шилдэг технолог, тоног төхөөрөмжийг ашиглах, олон улсын стандартын дагуу барьж байгуулах зорилтыг тавьж ажилласан.

Энэ нарны цахилгаан станцыг яагаад Дархан хотод байгуулахаар сонгосон юм бэ?

Энэ олон шалтгаантай. Хамгийн гол гэхээр нэг шалтгаан нь энэ төслийг хамтран санаачалсан Мандалбаяр захирал маань Дархан хотын гал голомтыг олон жил сахисан хүн. Дархан хотдоо нэг сайхан нарны станц байгуулах юмсан хоёулаа хамтран ажиллья гэсэн санал тавьсан. 2-рт Дархан хот манай орны хамгийн гол онцлог болох эх газрын эрс тэс уур амьсгалын төлөөлөл, өвөлдөө хамгийн их хүйтэрдэг, зундаа бас их халдаг, бас багагүй цас ундаг газар. Энэ талаасаа цаг уурын хувьд хүйтэн, хүндрэлтэй нөхцөлд нарны цахилгаан станц хэрхэн ажиллах нь нилээд сонирхолтой, судалгааны талаасаа. Манай улсын өмнөд хэсэг нарны эрчим хүчний асар их нөөцтэй, тэнд нарны цахилгаан станц илүү их үр ашигтай ажиллах нь мэдээж. Хэрэв Дарханы нарны цахилгаан станц амжилттай, үр ашигтай ажиллавал манай улсын аль ч бүсэд нарны цахилгаан станц үр ашигтай ажиллах боломжтойг харуулна. Нөгөөтэйгүүр Дарханы станц нь Монгол Улсын нарны анхны мега цахилгаан станц. Энэн станц хэр найдвартай, үр ашигтай ажиллахаас цаашид хэрэгжүүлэх төслүүдийн хувь заяа хамаарна. Иймээс бид энэ станцыг барихдаа хамгийн шилдэг техник технологи ашиглан, жишиг төсөл болгохоор ажилласан. Энэ төрлийн станц байгуулахад тавьдаг олон улсын чанарын стандарт, техникийн шаардлагыг эх орондоо нэвтрүүлэхийг зорьж ажиллсан. Хэрэв энэ нарны цахилгаан станц үр ашигтай ажиллавал Монголын хаана ч ийм төрлийн эх үүсвэр үр ашигтай ажиллах боломжтойг харуулах юм.

Дарханд манай ШУТИС-ийн салбар сургууль бий. Тиймээс нарны цахилгаан станц нь тус сургуулийн хувьд сэргээгдэх эрчим хүчний өндөр технолог эзэмшүүлэх сургалтын, судалгааны бас нэг бааз болно. Дараагийн нары цахилгаан станцуудыг барих боловсон хүчин, технологийн суурь болно гэж найдаж байгаа.

Дархан хотод байгуулсан Нарны цахилгаан станцыг барихад Японы “Sharp” корпораци хамтран оролцсон гэсэн?  

 Тийм. Уг төслийг Японы “Sharp” корпораци хамтран хэрэгжүүлсэн. Энэ төсөл нь Япон улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй хамтарсан кредитийн механизмд хамрагдсан хэрэгжсэн загвар төсөл.  Хамтарсан кредитийн механизмын төсөл учраас энэ төсөл дээр Японы “Sharp” корпораци хамтран ажиллаж нарны цахилгаан станцыг барих японы орчин үеийн шилдэг аргачилалын дагуу Шарп компаны хамгийн сүүлийн үеийн технологи, ноу-хоу, стандартаар гүйцэтгэсэн. Ийм төрлийн станц байгуулахад тавьдаг олон улсын чанарын стандарт, техникийн шаардлагыг эх орондоо нэвтрүүлэхийг зорьж хичээж ажиллсан. Тийм болохоор энэ станц найдвартай ажиллана гэдэгт бүрэн итгэлтэй байна.

Өнгөрсөн долоо хоногт Абу Даби хотод болсон Олон улсын сэргээгдэх эрчим хүчний агентлагийн 11-р хуралдаан оролцоод ирсэн гэсэн тус хурлынхаа талаар хуваалцах уу

 Өнгөрсөн долоо хоногт Абу Даби хотод болсон Олон улсын сэргээгдэх эрчим хүчний агентлагийн 11-р хуралдаан болон тэнд жил бүр уламжлал болгон зохиогдодог  “Дэхийн ирээдүйн эрчим хүчний олон улсын чуулган” болсон. Энэ хуралд Эрчим хүчний сайд П.Ганхүү, Эрчим хүчний зохицуулах хорооны дарга А.Телейхан тэргүүтэй манай улсын хэд хэдэн байгууллагаас өргөн бүрэлдэхүүнтэй төлөөлөгчид оролцсон. Энэ удаагийн хурал уур амьсгалын өөрчлөлтийн сааруулах, нүүрстөрөгч бага ялгаруулдаг сэргээгдэх эрчим хүчний технологи ашиглахад чиглэсэн арга хэмжээ, хөрөнгө оруулалтыг хөгжүүлэх тухай дэлхийн 195 орон харилцан тохиролцсон “Парисын гэрээ”-г баталсны дараа болж байгаагаар онцлог байсан. Манй улс “Парисын гэрээ”-нд нэгдэн орсон байгаа. “Парисын гэрээ”-ний гол зорилго дэлхийн улс орнууд уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг хийх тэмцлээ нэгтгэн энэ зуунд дэлхийн агаарын температурын өсөлтийг өсөлтийг хязгаарлан 2оС хэмээс хэтрүүлэхгүй хэмжээнд барихын тулд  хамтарсан хүчин чармайлт гаргах явдал юм. Уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг арга хэмжээнд зориулан хөгжиж буй орнуудад нүүрстөрөгч бага ялгаруулдаг сэргээгдэх эрчим хүчний технологийг ашиглахад зориулан 2020 он хүртэл 100 тэрбум ам.долларын санхүүжүүлэлт хийхээр төлөвлөсөн байна. Олон Улсын Сэргээгдэх Эрчим Хүчний агентлагын 11-р хуралдаан  болон “Дэхийн ирээдүйн эрчим хүчний олон улсын чуулган”-ны үеэр зохиогдсон  арга хэмжээ, сэргээгдэх эрчим хүчний орчин үеийн шинэ техник технологийг сурталчилсан томоохон үзэсгэлэн нээгдэж түүнд “Парисын гэрээ”-ний гол зорилтыг хэрэгжүүлэхэд хувь нэмэр оруулан хэдэн зуун бүтээгдэхүүнийг дэлгэн харуулсан.  Хурлын үеэр олон талын болон хоёр талын олон маш олон уулзалтууд зохиогдсон

Та өмнө нь Олон Улсын Сэргээгдэх Эрчим Хүчний агентлагт ажиллаж байсан гэсэн, сая та хуучин ажиллаж байсан газраа эргээд очихад сонирхолтой байсан байх.

 Тэгэлгүй яахав, хамт ажиллаж байсан зарим найз нөхөдтэйгээ уулзаад сайхан байсан. Монголд цас орсон дүн өвөл болж байгааг хэлэхэд тэд дуу алдацгааж байсан. Нэмэх 30 хэмд амьдарч байгаа хүмүүст хасах 20-30 хэмийг төсөөлнө гэдэг сонирхолтой, бас амаргүй байсан байх. Би 2010-2013 онуудад тус Олон Улсын Сэргээгдэх Эрчим Хүчний агентлагт эх орноо төлөөлөн Сэргээгдэх эрчим хүчний технологийн судалгаа, хөгжлийн асуудал хариуцсан ахлах мэргэжилтэнээр ажиллаж байсан. Тус агентлагт ажиллах хугацаанд миний хийдэг байсан гол ажил үүрэг нь дэлхийн улс орнуудад сэргээгдэх эрчим хүчний ямар технологиудыг судалж хэрэглэж байгаа талаар танилцаж, тэдгээрийг тус агентлагын гишүүн орнуудад хүртээл болгох санал зөвлөмж боловсруулах ажлыг хийж байв. Түүнчлэн хөгжиж байгаа орнуудад сэргээгдэх эрчим хүчийг хөгжүүлэхэд бодлогын, техник технологийн болон боловсон хүчний ямар хүндрэлүүд байгааг судалж, түүнийг даван туулахад хэрхэн туслах талаар ажилладаг байсан.

Бид сэргээгдэх эрчим хүчийг ашиглах гэж олон жил ярилаа?

Сэргээгдэх эрчим хүчийг ашиглах талаар зөвхөн ярих биш, бусад орнуудтай харьцуулахад манай улс харин ч их сайн, амжилттай ажиллаж байгаа гэж би боддог. Манай улс шиг хүн амынх нь 1/3 хувь нь нарны эрчим хүчийг амьдрал ахуйдаа өдөр тутам ашиглаж байгаа тийм орон одоо ч гэсэн дэлхийд цөөхөн байгаа. Манай орны хөдөөгийн айл өрхийн 80 гаруй хувь нь нарны зай хэрэглэж байна. НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга хүртэл энэ амжилтыг өндрөөр үнэлэн Монгол улсын энэ амжилтыг жишээ татан онцлон тэмдэглэсэн байсан. Энэ бол чамлахааргүй амжилт. Манай улс сэргээгдэх эрчим хүчний асар их нөөцтэй. Сэргээгдэх эрчим хүчний энэ их нөөц баялагийг орчин үеийн өндөр технологи ашиглан эргэлтэд оруулснаар манай улс улам хурдан хөгжих, өндөр технологийн орон болох, асар их баялаг бүтээх боломж байгаа. Сэргээгдэх эрчим хүчний өндөр технологийг ашиглах нь манайх шиг цөөхөн хүн амтай оронд маш чухал ач холбогдолтой. Бодит жишээ байна. Бид Дархан хотод 10МВт-ын хүчин чадалтай, манай улсын анхны мегасолар Нарны цахилгаан станцыг дөрөвхөн сарын дотор барьж оны өмнөхөн ашиглалтанд орууллаа. Энэхүү Нарны цахилгаан станцыг ажиллуулахад харуул хамгаалалт, ээлжийн диспетчер ороод нийтдээ 10-хан хүн ажиллуулж байна. Станц үндсэндээ бүх ажиллагаа нь автомат горимоор ажиллаж байна. Тэгвэл ийм 10МВт-ын хүчин чадалтай дулааны цахилгаан станцыг ажиллуулахад наад зах нь 200 орчим инженер техникийн ажилтан шаардагдана. Их ялгаа байгаа биз. Энэ бол сэргээгдэх эрчим хүчний өндөр технологийг нэвтрүүлэн ашиглаж байгаагын нэг үр дүн.

Дарханы нарны цахилгаан станцын техникийн шийдэл шинэлэг зүйлсийн талаар талаар та танилцуулаач?.

Би түрүүн хэлсэн. Энэ станцыг барихад бид хамгийн шилдэг техник технологи, олон улсын чанарын өндөр стандарт, техникийн шаардлагыг эх орондоо нэвтрүүлэхийг зорьж ажиллсан гэж. Манай орны эрс тэс уур амьсгалтай нөхцөлд ийм төрлийн станцыг барихад ямар тоног төхөөрөмж ашиглах нь зүйтэй, технийкийн ямар шийдлийг ашиглах ёстой, чанарын ямар стандартыг хангах тал дээр их анхаарсан. Дахиад онцлон хэлэхэд энэ нарны цахилгаан станц үр ашигтай ажиллавал Монголын хаана ч ийм төрлийн нары цахилгаан станц найдвартай, тогтвортой, үр ашигтай ажиллах боломжтой нь харагдана. Дарханы нарны цахилгаан станц барих явцад маш олон шинэлэг зүйлүүдийг нэвтрүүлсэн. Тухайлбал нарны зайны нүүрийн шил нь манай орны эрс тэс уур амьсгалтай нөхцөлд тохирсон нанотехнолийн аргаар боловсруусан тусгай гадаргуутай,  хамгийн өндөр үзүүлэлттэй нарны зайг ашигласан. Станцын бүх тоног төхөөрөмж, инвертер, нам болон өндөр хүчдэлийн цахилгаан тоноглол, түүнчлэн холболтын цахилгааны кабель зэрэг нь хасах 40 хэмд найдвартай, үр ашигтай ажиллах шаардлага хангаж байгаа.

Дарханы нары цахилгаан станцыг барихад манай улсын эрчим хүчний системд анхны IEC61850 стандартад суурилсан тоон дэд станцыг нэвтрүүлсэн.  Энэхүү дэд станцын реле хамгаалалт, автоматжуулалт, хяналт удирдлагын сүлжээг цахим аюулгүй байдлыг хангасан “Managed” сүлжээний шийдэл болон шилэн кабелиар шийдэж өгсөн. Нарны цахилгаан станцын СКАДА систем нь өөрийн сүлжээнд байгаа тоноглол бүрийн гэмтэл болон дотоод хяналт удирдлагыг хэрэгжүүлэх функцтайгаараа давуу талтай энэ нь ямар нэгэн сүлжээний доголдол, тоноглолын гэмтлийг СКАДА нь өөр дээрээ харуулах боломжтой гэсэн үг.  Нарны цахилгаан станцын нам хүчдлийн талын 10кВ-н ячейкуудад ABB-н RMU төрлийн хийн тусгаарлагат хуваарилах байгууламж (10кВ-н GIS) ячейкуудыг ашигласан. Энэ нь ашиглалтын үед засвар үйлчилгээ шаарддаггүй, уламжлалт агааран тусгаарлагатай ячейкаас хэд хэдэн төрлийн нэмэлт хоригийн системтэй, аюулгүй ажиллагааг маш өндөр түвшинд хангаж өгсөн, овор хэмжээ маш багатай шийдэл юм. Нарны цахилгаан станцын 110/10кВ-н өсгөх дэд станцын хүчний трансформаторын хамгаалалтыг систем үүсгэгч шугамын хамгаалалттай нь цогцоор нь нэг реле хамгаалалтын панелиар шийдвэрлэх өгсөн нь манай улсын эрчим хүчний системд урьд өмнө нь ашиглагдаж байгаагүй бас нэг орчин үеийн дэвшилтэд шийдэл юм.

Сэргээгдэх эрчим хүчний технологи, тоног төхөөрмж маш үнэтэй, их хөрөнгө оруулалт шаарддаг, манайх шиг хөгжиж байгаа оронд таарахгүй гэж зарим хүмүүс шүүмжилдэг, манай орны хувьд сэргээгдэх эрчим хүчийг ашигласнаар эдийн засгийн хувьд хир үр ашигтай  байх вэ?

– Олон үлсын хэмжээнд сэргээгдэх эрчим хүчний технологи маш хурдан хөгжиж, үнэ нь буурч, сэргээгдэх эрчим хүчний хэрэглээ сүүлийн хэдхэн жилийн дотор асар их хурдацтай нэмэгдэж байна. Тухайлбал, дэлхий даяар нарны эрчим хүчний үйлдвэрлэлийн жилийн өсөлт 2012 онд урьдчилсан байдлаар 139 хувь, салхины эрчим хүчний үйлдвэрлэлийн жилийн дундаж өсөлт 23.6 хувь хүрэхээр байна. Ийм өндөр хурдацтай өсөлт үйлдвэрлэлийн өөр аль ч салбарт ажиглагдахгүй байна. Энэхүү өндөр хурдацтай үйлдвэрлэлийн өсөлтийг дагаад тэдгээрийн үнэ ч асар хурдан буурч байна. Манайд сэргээгдэх эрчим хүч сайн хөгжихгүй байгаа нь үнэн хэрэгтээ үнэ ихтэйдээ ч биш, зөв бодлого, дэмжлэг байхгүй, дээр нь нийт иргэд маань энэ талаар ойлголт мэдлэг муу байгаад л хамаг учир байгаа гэж би боддог. Сэргээгдэх эрчим хүчийг хөгжүүлэхийн ач холбогдлыг үл ойшоосон иймэрхүү байдал дэлхийн зарим нэгэн орнуудад ч бас ажиглагдаж байдаг. Судлаад үзэхээр тэдгээр орнууд нь ихэвчлэн эрчим хүчний тогтвортой, ирээдүйгээ харсан зөв бодлого стратег­гүй орнууд л байдаг. Харин алсын бодолтой орнуудад сэргээгдэх эрчим хүчийг төрөөс бодлогоор дэмжин хөгжүүлж байна. Үүний үр дүнд ч сэргээгдэх эрчим хүчний технолог улам сайжирч, эрчим хүчний найдвартай хангамж, аюулгүй байдлыг хангах үүднээс эхэндээ бага зэрэг өндөр байсан үнэ өртөг нь ч аяандаа буурдаг. Манай улс сэргээгдэх эрчим хүчийг улам өргөн цар хүрээтэй ашиглаж, дэлхийд үлгэр загвар болох, тэргүүлэх орон болох бүрэн боломжтой. Сэргээгдэх эрчим хүчний энэ их нөөц баялагийг орчин үеийн өндөр технологи ашиглан эргэлтэд оруулснаар манай улс улам хурдан хөгжиж, өндөр технологийн орон болох, асар их баялаг бүтээх боломж байгаа. Сэргээгдэх эрчим хүчний өндөр технологийг ашиглах нь манайх шиг цөөхөн хүн амтай оронд маш чухал. Энэ хүсэл мөрөөдлийг бодит ажил болгох юмсан гэж олон жилийн өмнөөс зорьсон. Тийм болохоор үзэж танилцсан зүйлс, сурч мэдсэн мэдлэгээ эх орондоо сэргээгдэх эрчим хүчийг улам өргөн цар хүрээтэй ашиглахад зориулах юмсан гэсэн хүсэл мөрөөдөлдөө хөтлөгдөж явдаг. Мөрөөдөл биелдэгт би итгэдэг.

Сэргээгдэх эрчим хүчийг ашиглах талаар манай орны байдал ямар байна, бидэнд ямар боломж байгаа вэ?

Ямарч улс оронд, Америкт ч, Хятадад ч, тухайн улсын Засгийн газар сэргээгдэх эрчим хүчний салбарыг хөгжүүлэх гол хөрөнгө оруулагч. Манай улс уул уурхайн баялагаас орж байгаа энэ их хөрөнгөө ирээдүйдээ чиглэсэн өндөр технологийг нэвтрүүлэхэд оруулахыг зорьж байна. Монгол орон зөвхөн газар доороо асар их баялагтай бус түүнтэй зүйрлэшгүй энгүй их сэргээгдэх эрчим хүчний баялагтай. Ялангуяа говийн бүс нутагт нар, салхины эрчим хүчний асар их нөөц баялаг бий. Сэргээгдэх эрчим хүчний баялагаа үр дүнтэй ашиглаж чадвал эрчим хүчний хэрэглээгээ хангаад зогсохгүй илүүдэл эрчим хүчээ хөрш орнуудад экспортлож газрын доорх баялагаа ашиглахаасаа ч илүү хөгжих боломж бий. Харамсалтай нь бид энэ их нөөц баялагаа сайн ашиглахгүй байгаа. Сэргээгдэх эрчим хүч бол Монгол улсын хувьд хэзээч дуусашгүй асар их баялаг. Өнөөдөр хөрөнгө оруулагчид уул уурхайн салбар луу хошуурч байна, маргааш сэргээгдэх эрчим хүч рүү хошуурна гэдэгт би эргэлзэхгүй байна. Монгол орон хэдий баян ч эрдэс баялаг улам багасах болно. Тийм болохоор алс ирээдүйгээ бодож, уул уурхайн баялагаа ашиглах талаар онцлон анхаарч байгаатайгаа нэгэн адил хэзээч дуусахгүй арвин их сэргээгдэх эрчим хүчний баялагаа ашиглахад онцгой анхаармаар байна. Өмнөд хөрш гэж эрчим хүчний ёроолгүй зах зээл энүүхэнд байна. Сайхан мэдээ дуулгахад, Монгол орныг Зүүн хойд Азийн бусад орнуудтай холбосон өндөр хүчдлийн супер сүлжээ байгуулах талаар ярьж эхэллээ.

Өнгөрсөн долоо хоногт Абу Даби хотод болсон “Дэхийн ирээдүйн эрчим хүчний олон улсын чуулганы үеэр  зохиогдсон үзэсгэлэнд харуулсан сэргээгдэх эрчим хүчийг ашиглах тоног төхөөрөмж, арга технологи, бүтээгдэхүүнийг харуулсан үзэсгэлэнд тавигдсан бүтээгдэхүүн, шинэ технологийн талаарх мэдээллээс үзэхэд өнөөдөр сэргээгдэх эрчим хүчний үйлдвэрлэл хэрэглээнд хатуу түлш болон цөмийн эрчим хүчийг ашиглахтай адил түвшинд хүрэх боломжтой өндөр технологиуд аль хэдийн бий болсон байна.  Хэрэв тэдгээр технологийг их чадлын цахилгаан станц байгуулахад амжилттай ашиглах болон өртөг зардлыг бууруулах боломжуудыг бүрэн дүүрэн ашиглавал сэргээгдэх эрчим хүчний үнийг эрчим хүчний уламжлалт эх үүсвэртэй өрсөлдөхүйц түвшинд хүргэх  боломж бий болсон байна. Энэ хурлын үеэр болсон олон арга хэмжээнээс үзэхэд дэлхий нийт сэргээгдэх эрчим хүчийг ашиглахад асар их анхаарал тавьж, сэргээгдэх эрчим хүчний шинэ хувьсгал эхэлж байгаа нь харагдаж байна.