МОНГОЛЫН САЛХИНЫ ЭРЧИМ ХҮЧНИЙ АССОЦИАЦИЙН ТАНИЛЦУУЛГА

Монголын салхины эрчим хүчний ассоциаци нь Монгол улсад салхины эрчим хүчнийг хөгжүүлэх, байгаль орчинд ээлтэй цэвэр болон сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрийг дэмжих, дотоодын боловсон хүчнийг бэлтгэх, олон улсын ижил төстэй үйл ажиллагаа явуулдаг байгууллагуудтай хамтран ажиллах зорилгоор 2008 онд үүсгэн байгуулагдсан.

Үүсгэн байгуулагдсан цагаас хойш Монгол улсын эрчим хүчний салбар дахь сэргээгдэх эрчим хүчний хууль эрх зүйн орчныг сайжруулах, гадаадын хөрөнгө оруулалтыг татах, Монгол улсын сэргээгдэх эрчим хүчний тайлан боловсруулж, олон улсын тайланд хэвлүүлэх, Монгол улсад дотоодын болон олон улсын сэргээгдэх эрчим хүчний хурал зохион байгуулах чиглэлээр голлон үйл ажиллагаа явуулж байна.

Эдгээр чиглэлийн хүрээнд cүүлийн зөвхөн 4 жилийн хугацаанд хийгдсэн ажлуудыг тоймлон танилцуулахад:

  • Монгол улсын салхины эрчим хүчний жилийн тайлан : 2008 – 2009; 2010 – 2011, 2012 – 2013, 2014 – 2015 ;
  • Салхины эрчим хүчний мэргэжлийн сургалтууд ;
  • Азийн хөгжлийн банкны хэрэгжүүлсэн “Quantum Leap in Wind” төслийн дотоодын түнш ;
  • СЭХ –ний тоног төхөөрөмжийг гааль, НӨАТ –аас чөлөөлөх хуулийн төслийг боловсруулж, УИХ –аар батлуулсан ;
  • Дэлхийн салхины эрчим хүчний зөвлөлтэй хамтран 2015 онд “Монгол улсад салхины эрчим хүчийг нэмэгдүүлэх нь” Олон улсын хурал ;
  • Япон улсын Токио хотноо 2015 онд “Монгол – Японы цэвэр эрчим хүчний форум” ;
  • Эрчим хүчний яамтай хамтран “Сэргээгдэх эрчим хүчний үндэсний форум 2015, 2016” ;

…зэрэг ажлуудыг хийгээд байна.

Цаашид Олон улсын сэргээгдэх эрчим хүчний байгууллагууд, олон улсын экспертүүд, Улаанбаатар хот дахь гадаадын улс орнуудын элчин сайдын яамдууд, Эрчим хүчний Диспетчерийн үндэсний төв зэрэг байгууллагуудтай хамтран “Монгол улсын сэргээгдэх эрчим хүчний замын зураг боловсуулах”, “Монгол орны салхины нөөцийн атласыг шинэчлэн боловсруулах”, “Нэгдсэн сүлжээний дүрмийг шинэчлэн боловсруулах” зэрэг ажлууд 2016 – 2018 оны хооронд хийхээр төлөвлөөд байна.